Бадминтоны түүх

Та бүхэнд Бадминтоны түүхийн он дарааллын хуудаснаас товчхон танилцуулъя.

Одоогоос 2000 жилийн тэртээ эртний Грект анх үүссэн гэж түүхчид үздэг. Түүнээс хойш улс орнуудад янз бүрийн хэлбэрээр хөгжин, өнөөгийн бадминтон үүссэн. 19 дүгээр зууны 50 аад оны үед Английн Лондон хотод орчин үеийн бадминтоны эхлэл тавигджээ.

 

1860
Лондонд “Бадминтон Батлдор-шинэ тоглоом” гэсэн танилцуулга хэвлэгдэн гарсан байна.

1873
Хамгийн анхны бадминтоны албан ёсны дүрэм хэвлэгдэн гарчээ. Энэ үйл явдал Энэтхэгийн Пунад болсон байна. Тухайн үедээ Энэтхэгт амьдарч байсан Англичуудын дунд Бадминтон нь асар ихээр дэлгэрэн тархаж байсан бөгөөд тэнд амьдарч байсан англичууд  үүнийг зохиосон.  Энэхүү дүрэм орчин үеийн бадминтоны суурь болжээ.

1873
Герцог Бофорт Энэтхэг улсаас буцан ирснийхээ дараа Англид анх удаа Бадминтоны тэмцээнийг зохион явуулсан байна.

1887
Англид анхны бадминтон сонирхогчдын клуб байгуулагджээ.

1893 оны 09 сарын 13
Тухайн үеийн Английн 14 бадминтоны клуб нэгдэн дэлхийд анх удаа Бадминтоны холбоо байгуулагджээ. Энэ үед Бадминтоны дүрмийг шинэчлэн засварлан сайжруулжээ.

1899
Англид анх удаа ALL-ENGLAND гэсэн нэртэй нээлттэй тэмцээн зохион байгуулагджээ. Анх уг тэмцээн зөвхөн хос тоглолтоор зохион байгуулагдаж байв. Дараагийн удаа бүх төрлөөр зохиогдсон байна.

1902
Энэ онд Бадминтоны олон улсын анхны тэмцээн Англи-Ирланд улсуудын багуудын хооронд зохиогдсон байна.

1934 оны 6 сарын 5
Олон улсын бадминтоны холбоо байгуулагдсан. Анхны гишүүн улсуудаар Англи, Ирланд, Голланд, Дани, Канад, Шотланд, Шинэ Зеланд, Франц, Уэльс,  нийт 9 гишүүдтэйгээр байгуулагдаж байсан бол өнөөдөр дэлхийн 150 гаруй орон нэгдсэн томоохон холбоо болон тэлсэн байна.

1948
Олон улсын бадминтоны холбоо анх удаа албан ёсны олон улсын тэмцээнийг Томасын цом нэртэйгээр зохион явуулжээ. Уг тэмцээнийг зөвхөн эрэгтэй тамирчдын дунд зохион байгуулсан.

Жорж Томас (Англи) олон улсын бадминтоны холбооны анхны ерөнхийлөгчээр ажиллаж байсан.

1951
Бадминтоны тэмцээнийг анх удаа телевизээр үзүүлэв.

1956
Анх удаа эмэгтэй багуудын дунд олон улсын тэмцээн Уберийн цом нэртэйгээр зохион байгуулагджээ. Аварга баг нь Америкийн нэгдсэн улсын баг байв.

1959

Олон улсын Бадминтоны холбооны (Badminton World Federation (BWF)) салбар холбоо  болох Ази тивийн бадминтоны холбоо (Badminton Asia Confederation (BAC) ) байгуулагдсан. Өнөөдөр Азийн бадминтоны холбоо нь эгнээндээ 39 гишүүн улс нэгтгэсэн дэлхийн бадминтоны хөгжилд томоохон нөлөө бүхий байгууллага болоод байна. Манай улс уг холбооны гишүүн бөгөөд үйл ажиллагаанд нь их идэвхтэй оролцдог.

 

1967 оны 09 сарын 24
Европын бадминтоны холбоо байгуулагдсан. Одоо уг холбоо нь 47 гишүүнтэй.

1977.
Бадминтоны дэлхийн аварга шалгаруулах анхдугаар тэмцээн Шведийн Мальмо хотод зохиогдов. Аваргууд нь:  – Flemming Delfs (Den), Lene Koppen (Den).

1979
Лондонд бүрэн хэмжээний мэргэжлийн бадминтоны анхны тэмцээн зохион байгуулагдав.

1989
Дэлхийн багийн аварга шалгаруулах Sudirman Cup тэмцээн зохион байгуулагдав. Анхны аварга баг – Индонези улс.

1992
Энэ онд Испанийн Барселон хотод зохион байгуулагдсан Олимпийн тоглолтонд Бадминтон шинэ төрлөөр оров.   Уг тэмцээнийг дэлхийн 1 тэрбум хүн телевизийн нэвтрүүлгээр үзсэн тооцоо байдаг.

1996
Олон улсын бадминтоны холбооны албан ёсны вэб сайт нээгдлээ. http://www.internationalbadminton.org/

2005 оны 12 сарын 09
Тоглолтыг 3 үеэр, нэг үеийг 21 оноогоор тоглохоор дүрэм шинэчлэгдэв. (3х21 хувилбар)

2006 оны 09 сарын 24
Мадрид хотод зохиогдсон дэлхийн аваргын тэмцээний үед болсон гишүүд орнуудын зөвлөлөөс  гаргасан саналын дагуу санал хураалт явагдан Дэлхийн бадминтоны холбоо гэсэн шинэ нэртэй болсон.