Тоглолтын арга техник

Бадминтоны тэмцээнд ялах таны гол түлхүүр бол бадминтоны арга техникт сайн суралцах байх нь зүйн хэрэг юм. Ингээд би бадминтоны үндсэн техникүүдийн талаар товчхон бичихийг оролдлоо. Техникүүдийг зөвхөн уншаад сурахгүй гэдэг нь ямар ч спортын төрөлтэй адилхан ойлголжтой зүйл. Иймд та бүхэнд дадлага, дадлага бас дахиад дадлага хэрэгтэй.

Бадминтоны найман үндсэн арга техник:

  • Бадминтоны цохиурыг атгалт, барилт
  • Хөлийн ажиллагаа
  • Бадминтоны давуулалт
  • Бадминтоны клир (clear) –  цэвэрлэх цохилт
  • Бадминтоны уналтын цохилт (drop shot)
  • Бадминтоны смаш (smash)
  • Бадминтоны удирдлагатай цохилт
  • Тортой тоглох

Бадминтоны атгалт, барилт

Цохиурыг буруу барих нь таны цохилтын хүчийг, оновчтой цохих бололцоог бууруулдаг. Буруу барьж цохих нь таны цохилтыг нэг л хязгаардлагдмал болгоод зогсохгүй таны тоглолт уйтгартай болно.

Мөн та тоглолтын явцад маш хурднаар барилтаа өөрчилж сурах шаардлагатай болно.  Ингээд энд та бүхэнд хоёр үндсэн барилт үзүүлье.

Гарын урд талаар цохих барилт

  • Энэ барилтыг толгой дээрээс, биеийн урд талаас цохих үед хэрэглэдэг
  • Цохиурын цохих хэсэг буюу толгой хэсгийг сул байгаа гартай хамт барьж, цохиурын бариул өөр лүү чинь чиглэсэн байна.
  • Цохиурын толгой хэсэг шалтай перпендикуляр чиглэлтэй байна.
  • Таны эрхий хуруу, долоовор хуруу хооронд V хэлбэрийн хурц өнцөг үүссэн байна.
  • Таны гар цохиурын бариулыг хөдөлгөөнгүй, өөр барилтанд хурдан шилжих бололцоог хангасан байдлаар атгана.
  • Түүнчлэн атгалтаа богиносгож (бариулын урд хэсэг рүү) талбайн урд ба дунд хэсгээс цохилт гүйцэтгэх үед оновч, нарийвчлалыг сайжруулж болно.

Гарын ар талаар цохих барилт Backhand Grip

  • Энэ барилтаар барьж гарын ар талаар цохих цохилтыг гүйцэтгэнэ.
  • Цохиурыг дээрх урдаас цохих цохилтын адил барина.
  • Цохиурыг цагийн зүүний эсрэг чиглэлд эргүүлж барих ба V өнцөг баруун гар тал уруу харсан байдалтай болно
  • Энэ барилтаар цохих үед таны эрхий хуруу цохилтын гол хүчийг гаргана.
  • Таны гар цохиурын бариулыг хөдөлгөөнгүй, өөр барилтанд хурдан шилжих бололцоог хангасан байдлаар атгана.
  • Бадминтоныг тоглоход байрлалаа хурдан солих, зогсох, үсрэх үйлдлүүдийг богино хугацаанд олон дахин хийх шаардлагатай болдог.

Хөлийн ажиллагаа

Бадминтоны тоглогчийн заавал эзэмших чадварын нэг бол яах аргагүй хөл дээрх ажиллагаа, хөлний шуурхай ажиллагаа юм.    Таны хөлийн ажиллагаа сайн байж та цохилт бүрийг амжилттай хүлээн авах, эсрэг тал руу оновчтой цохилт хийх үндэс суурь тавигдана.

Тэгвэл хөлийн сайн ажиллагаа гэж юу вэ?

Өөрийн тэнцвэртэй байдлыг алдахгүйгээр талбайн бүх өнцөг булан бүрд ирж буй бөмбөгт хүрэх чадварыг хэлнэ. Та бадминтоны талбай дээр үсрэх, харайх, гүйх, гулсах, бултах, хөдөлгөөнүүдийг хийж чаддаг байх хэрэгтэй.

Та өдөн бөмбөгт хэр хурдан хүрнэ, тэр хэмжээгээр таны өрсөлдөгч дараагийн үйлдэл хурдан хийх боломж бага болно. Та дээрх хөдөлгөөнүүдийг талбай дээр тухайн онцлогт тохируулан хийж чадвал амжилт олж оноо авч чадна. Энд бас таны мэдрэмж их хамаатай гэдгийг санаж байх хэрэгтэй.
Асар хурдтай явагддаг тоглоом учраас нэгэнт гүйцэтгэж эхэлсэн хөдөлгөөний өөрчлөх, засах аргагүй болсон байдаг тул энд хэд хэдэн анхаарах зүйлсийг хэлье.

Хөлдөө мөрний хэмжээний зай аваад, өвдөгөөрөө бага зэрэг нугалж, зогсоод цохиурыг бэлэн байдалд биеийн урд талд барина. Энэ зогсолтоор талбайн голд зогсох нь таны тоглолтын үндсэн байрлал болно.

Талбайд эзлэх таны үндсэн байрлалын цэгээс та өөрийн талбайн бүх цэгт ирж буй өдөн бөмбөгт хүрэхэд бэлэн байдалд байна. Тухайн үеийн үндсэн байрлал нь эсрэг тоглогчийн цохилтын хүчнээс хамаарна гэдгийг сайн тооцоолох ёстой.

Ер нь тэгээд хэлэхэд хүн урагш чиглэсэн хөдөлгөөнийг эхлэхэд түүнийг амжилттай үйлдэхэд хялбар байдаг тул та хэрвээ талбайн араас хүчтэй довтолж чаддаг бол арын хязгаарлах шугам дээр байрлалаа эзлэх нь танд давуу талыг олгоно. Хэрвээ та талбайн ар талаас хүчтэй довтлох бололцоогүй бол талбайн дунд хэсэгт байрлалаа эзлэх нь тохиромжтой. Илүү урагшаа зогсох танд ашиггүй болно.

Талбайн урд талд тоглогдож буй бүх цохилтууд нь эхлээд жижиг алхам дараа нь том алхам хийж, цохиурыг сунган өдөн бөмбөгт хүрэх байдлаар хийгддэг.

Хоёрдох том алхам нь цоройх, довтлох, харайх маягаар огцом хийгдэх хэрэгтэй. Хөлийн гишгэлт, цохилт нэг хугацаанд байвал цохилт сайн болно.

Талбайн дунд хэсэгт хийгддэг цохилтуудыг та цохиуртай талд болон цохиургүй тал руугаа цохиураа сунган хүрч өдөн бөмбөгийг авах цохилтыг гүйцэтгэнэ. Цохиуртай талын хөлөө буюу цохиургүй талын хөлөө сунган тавьж цохилтыг гүйцэтгэж болно.
Талбайн арын хэсэгт тоглохдоо ташааны гуяны хэсэг, мөрний хэсгээр хангалттай хэмжээнд арагш болж таны ард унах гэж өдөн бөмбөгийг цохино. Ингэх таны цохилтын хүч төрлийг нэмэгдүүлж өгнө. Хэрэв хурдан арагш хөдөлгөөн хийж амжихгүй бол сул цохилт буюу өөрийн талбайг цэвэрлэх зорилгоор чөлөөт сул цохилтоор өдөн бөмбөгийг айлын талбай руу илгээнэ.

Дараах диаграмд үндсэн байрлал, талбайн хамрах хэсгүүдийг үзүүлэв.

Диаграм А

Таны эсрэг тоглогч нь хаашаа цохилт хийхийг итгэлтэйгээр мэдэж байвал өөрийн үндсэн байрлалыг хурдан хугацаанд эзлэн дараагийн цохилтондоо бэлтгэ. Эцэст нь хэлэхэд үргэлж хурдан хөдөлгөөн хийхэд бэлэн, сонор сэрэмжтэй бай.
Дахин сануулахад Бадминтоны хөлийн ажиллагаа бол таны үндсэн заавал эзэмших чадварын нэг шүү.

Бадминтоны давуулалт

Хэд хэдэн төрлийн бадминтоны үндсэн давуулалтуудыг сайн эзэмших шаардлагатай. Давуулалт бол тоглолтын эхлэл. Давуулалт гэдэг нь тоглолтын явцыг өөрчлөх таны зэвсэг юм.

Та үргэлж санаж бай, сул муу давуулалтаас болж хямдхан оноо алдахгүй байх ёстой. Давуулалтыг хэрхэн гүйцэтгэх тухай дүрэмд заасан байдаг.  Энэ дүрэмтэй та бүхэн танилцсан байх хэрэгтэй.

Үндсэн дөрвөн төрлийн давуулалтыг энд тайлбарлая.

Өндөр давуулалт
Энэ төрлийн давуулалтыг эсрэг талын талбайн гүн ар талд өндрөөр давуулан буулгахыг хэлнэ.  Хос тоглолтын үед анхааралтай байх шаардлагатай учир нь хүлээн авагч энэ давуулалтыг сөргүүлэн хүчтэй довтолгоо хийх магадлал тун өндөр юм.

Давуулалтыг гарын урд талаас доод байрлалаас гүйцэтгэнэ.

  • Давуулалтын бүсийн урд шугамнаас 90-100 см-ын ардаас гүйцэтгэнэ.
  • Биеийг сул тавьж, өвдөгийг сул байлгана.
  • Цохиургүй талын хөл урдаа, цохиуртай талын хөл ард байрлалтай байна.
  • Цохиурыг мөрний хамгийн арагш явах хэмжээнд аваачаад урагш цохилтын хүчийн ритмээр савж цохино.
  • Өдөн бөмбөгийн толгой хэсгээс барьж байгаад өөрийн урд талд сул хаяж дээр хэлсэн явах хөдөлгөөнөөр цохино.
  • Өдөн бөмбөгийг цохисон цохиур таны цохиургүй талын толгойн зэрэгцээ ирж зогсоно.

Нам давуулалт

Энэ төрлийн давуулалтыг эсрэг талын тоглогчоор бөмбөгийг өргүүлэх зорилготой үед хэрэглэж болно. Гэвч ганцаарчилсан тоглолтын үед эсрэг талын чинь цохилт илүү хүчтэй ирж болзошгүй юм. Иймд үүнийг голчлон хос тоглолтын үед ашигладаг. Гарын урд болон ар талаас давуулалтыг гүйцэтгэж болно.

Гарын урд талаар Forehand

  • Давуулалтын бүсийн урд шугамнаас 70-80 см-ын ардаас гүйцэтгэнэ.
  • Биеийг сул тавьж, өвдөгийг сул байлгана.
  • Цохиургүй талын хөл урдаа, цохиуртай талын хөл ард байрлалтай байна.
  • Цохиуртай гараа хойш бүсэлхийн харалдаа аваачаад савалттай цохино.
  • Өдөн бөмбөгийг толгой хэсгээс барьж, цохиурт ойрхон хаяж цохино.

Гарын ар талаар Backhand

  • Өөрийн тохиромжтой байрлалыг эзлэн цохиуртай гарыгг нугалан биеийн урд авна.
  • Цохиуртай талын хөл урдаа, нөгөө хөл нь таны давуулах чиглэлийг заасан байдалтай зогсоно
  • Бие рүүгээ чиглэсэн богино савалт хийгээд урагш цохино.
  • Өдөн бөмбөгийг бүсэлхийн төвшинд барьж, цохих үед хаяна.
  • Өдөн бөмбөг тортой аль болох ойрхон өндөртэй гарах хэрэгтэй:
  • Давуулалт хийх үеийн дүрмийн сайн анхаарай.

Няслах давуулалт Flick Serve

Энэ төрлийн давуулалтыг хурдтай эсрэг тоглогчийн дарамтанд орсон үедээ хэрэглэх нь үр дүнтэй. Хос тоглолтын үед хэрэглэх нь сайн.  Хэрэв таны эсрэг тоглогч энэ төрлийн давуулалт гэж таамаглаж байвал болих нь дээр шүү.

Гарын урд талаас болон ар талаас давуулж болно.
Тохойны хөдөлгөөн энэ төрлийн давуулалтанд их чухал байдаг

Жолоодлоготой давуулалт Drive Serve


Энэ төрлийн давуулалтыг довтолгооны давуулалт гэж үзэж болох юм. Хос болон ганцаарчилсан тоглолтын аль ч үед хэрэглэхэд боломжийн үр дүнтэй. Өдөн бөмбөг нь шууд торыг чигээрээ давах ёстой. Тортой хэвтээ маягийн өнцөгөөр шулуун чиглэлд давах ёстой.

  • Гарын урд талаас давуулна.
  • Өөрийн эвтэйхэн байрлалаас давуулалтын бүсийн урд шугамнаас үл ялих зайнд зогсоно.
  • Цохиургүй талын хөл урд талд, цохиуртай талын хөл ар талд байрлана.
  • Цохиурыг бүсэлхийнээс бага зэрэг доор байрлалд урагш чиглэсэн савах хөдөлгөөнөөр цохино.

САНУУЛАХАД!!!

ДАДЛАГА ТӨГС ЧАДВАРЫГ БИЙ БОЛГОНО.